Subscribe to Chapter Newsletter
Цахим шуудангаар мэдээлэл хүлээж авах
|
|
Зайтгайст хөдөлгөөний тухай
Зайтгайст хөдөлгөөн нь Венус төслийн үйл ажиллагааг дэмжих, таниулан сурталчлах зорилгоор 2008 онд байгуулагдсан. Хөдөлгөөний зорилго нь нөөцөд суурилсан эдийн засаг гэж нэрлэгдэж буй өөрөө өөрийгөө тэтгэх дэмжих чадвартай нийгмийн тогтолцоонд хувьсгалын бус хувьслын замаар шилжих шилжилтийг эхлүүлэх явдал юм.
Өнөөгийн нийгэм дэх бэрхшээлтэй асуудлуудыг хөндөж, шударга ёс, энх тайвныг эрэлхийлсэн, өөрөө өөрийгөө тэтгэх тогтолцоог санал болгож АНУ-ын иргэн Питер Жозефын бүтээсэн Zeitgeist: The Movie (2007), Zeitgeist: Addendum (2008) баримтат кинонууд нь энэ хөдөлгөөн үүсэн байгуулагдахад чухал нөлөө үзүүлсэн.
Гэвч энэ хөдөлгөөнийг Зайтгайст цуврал кинонуудтай шууд холбоотойгоор ойлгож болохгүй юм. Зайтгайст (Zeitgeist) гэдэг нь ирж буй цаг үеийн дэвшилтэт оюун санаа, ёс суртахуун, соёлыг бүхэлд нь илэрхийлдэг Герман нэр томьёо юм. Тиймээс Зайтгайст хөдөлгөөнийг нийгэм дэх оюун, санаа, соёл, ёс суртахууны шинэчлэлийг дэмжигч хүмүүсийн оюун санааны нэгдэл нягтрал гэж ойлгох учиртай. Энэ хөдөлгөөн нь дээрх баримтат кинонд хөндөгддөг шашин, терроризм, төв банкны тодорхой асуудлуудтай шууд хамааралгүй бөгөөд эдгээр нь продюсер Питер Жозефын хувийн уран сайхны илэрхийлэл юм.
Хөдөлгөөний үйл ажиллагаагааг улс орнууд дахь салбар хөдөлгөөний дэмжигчид сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 49 улс, АНУ-ын 50 муж улсад салбар хөдөлгөөн албан ёсоор байгуулагдсан бөгөөд нийтдээ 190 гаруй улсын 520 мянга гаруй хүн энэ хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж олон улсын вэб сайтад бүртгүүлсэн байна. Зайтгайст хөдөлгөөн нь аль нэг бүс нутаг, улс орны бус харин дэлхий нийтийн хөдөлгөөн юм.
Энэ хөдөлгөөний үзэл санаа, зорилгыг зөв зүйтэй гэж үзэж байгаа бол өөрийгөө дэмжигч буюу гишүүн үзэж болно. Хөдөлгөөнийг дэмжигч нь өөрийн улсын болон орон нутгийн салбар хөдөлгөөнд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулах учиртай. Одоогийн байдлаар хөдөлгөөний үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн арга зам нь интернэт болон вэбхуудас болж байна.
Зайтгайст хөдөлгөөний зорилго, үзэл санаа
Зайтгайст хөдөлгөөн бол ямар нэг улс төрийн хөдөлгөөн биш. Энэ хөдөлгөөн аль нэг улс гүрэн, засаг захиргаа, арьс өнгө, шашин шүтлэг, анги давхаргын төлөөлөл биш. Харин эдгээр нь хуурмаг, ялгаварлан гадуурхал бүхий үеэ өнгөрөөсөн нийгмийн тогтолцооны илрэх хэлбэрүүд бөгөөд тэгш эрх, нэгдмэл байдал бус харин эрх мэдлийн хуваарилалт, анги давхарга дээр тогтож байдаг. Хорвоо ертөнц дэх бүхий л зүйлс байгалийн жамаар өөрчлөгдөн хөгждөг. Гэтэл аль хэдийн цаг үеэ өнгөрөөж хоцрогдсон, хүрээлэн буй орчноосоо тасарсан нийгмийн тогтолцоог хэрэглэснээрээ байгаль ертөнцийн жам ёсны хөгжлийг саатуулж байгаагаа бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн нийгэм дэх зөрчил тэмцэл, дайн тулаан, авлига хээл хахууль, элитизм, байгал орчны бохирдол, ядуурал, гэмт хэрэг бүгд энэ саатлын шинж тэмдэг юм.
Энэ хөдөлгөөн нь хувь хүний, нийгмийн, технологийн болон оюун санааны хувьслыг дэмждэг. Байгаль ертөнц хэрхэн оршин тогтнодог болох, түүний нэг хэсэг болж хүмүүс хэрхэн зэрэгцэн орших ёстойг ойлгож ухаарснаар хүн төрөлхтөн жам ёсоорооо хөгжих ёстой гэж итгэдэг. Хөгжлийн зөв чиг хандлага байсаар байхад сөрөг үр дагавартай бүтэц тогтолцоо, үйл ажиллагааны арга хэлбэрийг хэрэглэсээр байгаагаа бидний олонхи нь олж харахгүй, бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харамсалтай. Харин оюун санааны энэхүү алдаатай байдлыг боловсрол, нийгмийн идэвхтэй үйл ажиллагаагаар залруулахыг Зайтгайст хөдөлгөөн зорьж байна.
Бидний зорилго бол боломжгүй эсвэл хүний мөн чанарт нийцэхгүй гэж ойлгож ирсэн нийгмийн болон техник технологийн нөөц бололцоог ашиглах, улмаар хуучин тогтолцоог дэвэргэж байгаа нөхцөл шалтгааныг арилгах замаар мэдлэг, зарчим, бүтэц тогтолцоог бүх түвшинд шинэчлэх явдал юм. Зайтгайст хөдөлгөөн нь зохион байгуулалтын бүтэц бүхий байгууллага биш. Бид эрх мэдлийн ямар нэг хэлбэрийг ашиглаж бусдыг удирдах, эсвэл зохион байгуулах зорилгогүй. Харин хүмүүс мэдлэг, боловсрол олж авч, өнөөгийн нийгэм, эдийн засгийн мөн чанарыг танин мэдэх, цаашид өөрчлөгдөн шинэчлэгдэхыг дэмжинэ.
Өнөөгийн нийгэм болоод түүний үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээний тогтолцоо нь байгаль орчноос ямар ч харилцан хамааралгүй болжээ. Ашиг орлого, эдийн засгийн өсөлт гэх мэт хийсвэр ойлголтуудад тулгуурласан санхүү, мөнгөний тогтолцоо нь байгаль орчин болон хүний жинхэнэ үнэ цэнийг үгүй хийж байна. Эдийн засгийн тогтолцоо нь байнгын худалдан авалт, хэрэглээн дээр тогтож байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө зах зээлд байнга эргэлдэж байх ёстой. Үүний уршгаар хүний бодит хэрэгцээ шаардлага, байгалийн нөөц бололцооноос үл хамааран янз бүрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг байнга бий болгож байх шаардлага гардаг.
Гэтэл гариг дэлхийн байгалийн нөөц барагдан дууслаа л бол тоглоом дуусаа гэсэн үг. Жишээ нь өнөөгийн нийгэм үндсэндээ дахин нөхөгдөхгүй газрын тосон дээр тогтож байна. Бидний хэрэглэдэг бүх төрлийн хуванцар, хүнсний ногоо ургуулахад хэрэглэдэг амониад суурилсан бордоо, тээвэрт хэрэглэж байгаа асар их бензин түлш, танай гэрийг цахилгаан, дулаанаар хангаж байгаа цахилгаан станц гээд бараг бүх зүйл газрын тос, эсвэл нүүрснээс хамааралтай. Нөөц баялаг шавхагдан дуусахад бид яах вэ? Энэ бол зайлшгүй бодох ёстой асуудлын нэг бөгөөд бид түргэн хугацаанд өөрчлөлт хийхгүй бол эцэст нь хүн төрөлхтөн илүү их хохирол амсах болно.
Харамсалтай нь санхүү мөнгөний тогтолцоо нь нөөц баялгийн хомсдолоос давуу байдал олж авдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн нэг бүрээс илүү ашиг олох боломж гардаг учраас нөөц баялаг шавхагдан үгүй болох нь богино хугацаанд бизнест ашигтай. Үүнийг эдийн засгийн онолоор эрэлт нийлүүлэлтийн хууль гэж нэрлэдэг. Энэ тогтолцоо ажиллаж байхын тулд ямар нэг асуудал бэрхшээл, эсвэл хэрэглэгчийн эрэлт байхыг заавал шаарддаг. Жишээ нь хавдартай хүн өндөр үнэтэй эм тариа хэрэглэдэг учраас өвчтэй хүн олон байх тусам энэ салбарын эдийн засаг сайн байгаа мэт харагддаг.
Санхүү мөнгөний тогтолцоо нь капитализм, социализм, эсвэл чөлөөт зах зээл гэх мэт ямар ч нийгмийн үед байгалийн нөөц баялаг болон хүний сайн сайхныг үл харгалздаг. Компаниуд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд үйлдвэрлэлийн зардлаа хасдагаас болж бараа бүтээгдэхүүн дээд зэргийн чанартай байх нь ховор. Энэ бол өөрийгөө тэтгэх боломжгүй тогтолцоо бөгөөд үүний улмаас өлсгөлөн, ядуурал, ажилгүйдэл бий болж, цэвэр ус, хүнсний зүйл, үржил шимт газрын хомсдол үүсч байна.
Үүний адилаар ихэнх ажил мэргэжил амьдралын хэрэгцээ шаардлагатай шууд холбоогүй байдаг. Эдгээр нь хүмүүсийг ажилтай, бас худалдан авах чадвартай байлгахын тулд бий болгосон зүйл байдаг. Амьдралын суурь хэрэгцээгээ хангахын тулд компани, корпораци, аж ахуйн нэгжийн эзэн, эсвэл хэн нэгэн үйлчлүүлэгчид боолчлогдох нь маш их нөөц бололцоог алдахад хүргэдэг. Энэ тохиолдолд байгалийн нөөц биш харин хүний амьдрал, оюун ухааныг огт хэрэггүй зүйлд үрэн таран хийхэд хүргэж байна.
Орчин цагт шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар олон төрлийн хөдөлмөрийн үйл ажиллагааг автоматжуулж чадсан. Өөрөөр хэлбэл автоматжуулалт нэмэгдэх тусам үр өгөөж, бүтээмж нэмэгддэг. Гэтэл хоолны газар үйлчлэгч хийж, эсвэл засварын газар ажиллаж нэг төрлийн, хэвшсэн ажлыг өглөөнөөс үдэш болтол хийж үнэ цэнэтэй амьдралаа өнгөрөөх нь утгагүй юм.
Бид санхүү, мөнгө, ашиг орлого дээр тулгуурласан нийгмийн тогтолцоог өөрчилж, гариг дэлхийн нөөц бололцоонд тулгуурлан өөрийгөө тэтгэх чадвартай нийгмийн шинэ бүтэц тогтолцоог бий болгох цаг болсон. Нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоог бий болгосноор орчин үеийн шинжлэх ухаан технологийг ашиглан хүн бүр сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Үүний тулд үеээ өнгөрөөсөн тогтолцоог өөрчлөх шаардлагатай.
Иймээс хүн байгальд ээлтэй, ухаалаг менежмент бүхий нийгмийн тогтолцоонд шилжих талаар дэлхий нийтийг соён гэгээрүүлэх нь энэ хөдөлгөөний зорилго юм.
|
|
Үнэн ба шилжилт
Хувь хүний амьдрах сайн сайхан байх нь гариг дэлхий болон бусад хүмүүсийн сайн сайхантай шууд холбоотой болохыг ойлгосноор бидний цаашдын чиг зам тодорхой болно. Түүнчлэн бидний амьдралд хөгжил дэвшлийг авчирч байгаа цорын ганц зүйл нь шинжлэх ухаан, технологи, хүний бүтээн туурвих чадвар гэдгийг ойлгож мэдсэнээр нийгмийн болон хувь хүний хөгжилд чухам юу нэн тэргүүний хэрэгтэйг олж харах болно. Харин шашин, улс төр, мөнгө, түүнчлэн өрсөлдөөнд тулгуурласан хөдөлмөрийн систем нь нийгмийн хөгжилд саад болж байгаа, нэн даруй өөрчлөх ёстой зүйл болохыг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Бидний зорилго бол мөнгө, улс төргүй нийгмийг бий болгох, боловсрол мэдлэгийг түгээж улмаар мухар сүсэг өөрөө устан үгүй болох нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Хангалттай мэдлэг мэдээлэлгүй хүнд чухам юунд итгэхийг нь тулган хүлээлгэх эрх хэнд ч байхгүй. Гэхдээ байгаль ертөнцийн жам ёсны процессыг ажигласнаар хүмүүс хэрхэн байгаль ертөнцтэй нэгэн хэмнэлээр зэрэгцэн оршин амьдрах боломж, болон хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн зам харгуй тодорхой болно.
Жишээ нь олон хүн дэлхийн хүн ам хэт их өсч байгаад санаа зовниж хүн амын тоог ямар нэг байдлаар хязгаарлан бууруулах хэрэгтэй гэж үздэг. Хүн ам өсөх нь тийм муу зүйл гэж үү? Шинжлэх ухаан, технологийг зөв ашиглаж чадвал дэлхий одоогийнхоос хэд дахин олон хүнийг тэжээж чадна. Манай гариг дэлхийн 70% нь далай тэнгис бөгөөд далай доорх хотууд дараагийн алхам юм. Гэвч асуудлын гол нь тоондоо биш. Амьдралын жинхэнэ процесс, хүн байгалийн харилцан хамаарал, түүний нөөц бололцооны талаар мэдлэг олж авсанаар хүмүүс хэт үржин олшрохын сөрөг талыг ухамсарлах бөгөөд улмаар хүн амын өсөлт аяндаа буурах болно.
Үнэн хэрэгтээ оршин тогтож болох жинхэнэ засаг төр бол гариг дэлхий болон түүний нөөц баялаг юм. Ийм учраас хүн төрөлхтний хувьд дэлхий дээр чухам ямар нөөц бололцоо хэдий хэмжээтэй байгааг нарийн тодорхойлох шаардлагатай бөгөөд үүний тулд бүх улс орнууд оюун санааны хувьд нэгдэн нягтрах хэрэгтэй. Хэн нэгэн өөрийн эзэмшиж байгаа газрын нөөц боломжийг үнэлж, юу тарих, хэрхэн ашиглахаа бодож тооцоолдогтой адилаар эх дэлхий дээрх нөөцийг зөв тодорхойлж ашиглах учиртай.
Мэдээж хэрэг өнөөгийн гажуудсан тогтолцоо оршин байгаа нөхцөлд энэ үзэл санааг яаж хэрэгжүүлэх, хэрхэн шилжилт, өөрчлөлтийг эхлүүлэх талаар олон хүн асуух байх. Энэ бол хэцүү асуулт. Гэхдээ бид заавал хийж эхлэх учиртай. Энэ үзэл санаа биелэлээ олоход бид хувь хүнийхээ хувьд болон хэсэг бүлгээрээ хамтран хэрэгжүүлж болох маш олон зүйл бий. Үүнээс хамгийн чухал бөгөөд эхний алхам бол мэдлэг боловсрол мөн.
Танд баярлалаа. |
|
|
Гажуудал ба саатал
Хүмүүс бид хүрээлэн буй орчинтой болон өөр хоорондоо энгийн боловч гүн гүнзгий харилцан хамааралтай. Харин нийгэм зөв замаар хөгжсөнөөр хувь хүний сайн сайхан байдал баталгаажих ёстойг ухамсарлах тусам өнөөгийн нийгмийн тогтолцоо хэрхэн гажуудаж, тогтворгүй байдал, бэрхшээлтэй олон асуудлын суурь шалтгаан болсныг бид харж байна. Жишээ нь: хөдөлмөрлөх урам зориг, хөгжил дэвшлийг бий болгодог гэж үздэг учраас санхүү, мөнгөний тогтолцоо маш удаан хугацаанд эерэг зүйл мэт ойлгогдож ирсэн. Харин бодит байдал дээр мөнгөний тогтолцоо нь салган бутаргах, хэсэг хүмүүсийн тоталитари хяналтыг хэрэгжүүлэгч арга хэрэгсэл болсон.
Өнөөгийн нийгэм хүмүүсийг ажил төрөл, амьдрал ахуйтай байхын тулд заавал өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг, ямар нэг зүйл хийхийн тулд заавал цалин урамшил шаарддаг болгосон. Хүн оршин байхын тулд хоорондоо өрсөлдөх ёстой гэдэг ойлголт нь нийгмийн бүх шатанд авлигал бий болох суурь шалтгаан болдог. Зах зээлийн тогтолцоо зөв зүйтэй гэж олон хүн маргадаг. Гэвч өрсөлдөөн нэрээр хэн нэгэнд давуу байдал олгож, шударга бусаар аливаа асуудал, бэрхшээлийг шийдвэрлэдэг учраас өнөөгийн нийгэм дэх зах зээлийн тогтолцоо худал амлалт. Цэвэр, бүрэн чөлөөт зах зээлийг хөгжүүлж чадвал ямарч асуудал бэрхшээл үүсэхгүй гэж ярьдаг. Энэ бол худал. Яагаад гэвэл ялгаварлан гадуурхалт, авлига хээль хахууль бүхий чөлөөт зах зээлийн тогтолцоо жинхэнэ утгаараа хэрэгжиж байгааг та өнөөдөр өөрийн нүдээр харж, биеэрээ мэдэрч байгаа учраас тэр.
Үгсэн хуйвалдаж монополи, давуу байдал бий болгох, бусдын хөдөлмөрийг мөлжих, байгаль орчны бохирдол, төлөвлөсөн хоцрогдол зэргийг ямар ч сайн хууль дүрэм зогсоож чадахгүй бөгөөд эдгээр нь угаасаа л өрсөлдөөнд суурилсан эдийн засгийн тогтолцооны илрэл. Үндсэндээ энэ тогтолцоо нь ашиг орлогын төлөө бусдыг ашиглах, мөлжих, хохироох явдал дээр тогтож байдаг.Бид энэ харгис, шударга бус үзэл санаанаас салж, хүмүүс амьдрахын тулд өөр хоорондоо тэмцэлддэг биш, харин харилцан бие биедээ тусалж дэмждэг тийм тогтолцоог бий болгох ёстой.
Хүн ямар нэг зүйл хийхийн тулд заавал шагнал, урамшил авах ёстой гэдэг бол хүнийг хэтэрхий сөрөг талаас нь илэрхийлсэн өрөөсгөл ойлголт юм. Ямар нэг юм хийхийн тулд заавал шан харамж, урамшил авах, эсвэл шахаж шаардуулж, албадуулах шаардлагатай гэж ойлгох нь утгагүй юм. Мөнгө гэж юу болохыг огт мэддэггүй байсан хүүхэд насаа Та сана. Хүүхэд байхдаа та дуртай зүйлээ хийж, тоглож, сониучирхан, бүхий л зүйлийг оролдож байсан байх. Яагаад гэж та бодож байна? Та ердөө л тэр зүйлийг хийхийг хүссэн учраас л тэр.
Харин цаг хугацаа өнгөрөх тусам хүний төрөлхийн сониуч зан, өөрөө өөрийгөө урамшуулж, урам зориг өгдөг нандин чанар үгүй болж, хүмүүс амь зуухын тулд тусгайлан хуваарилж мэргэшүүлсэн хөдөлмөрийн тогтолцоонд нийцэж ажиллахаас өөр аргагүйд хүрдэг. Нийгэм хөдөлмөрийн үүрэг хариуцлагыг тулган хүлээлгэж, хийхээс өөр аргагүй байдалд хүргэдэг учраас энэ нь тухайн хүний дотор тэмцэл, зөрчлийг аяндаа үүсгэдэг бөгөөд үүний үр дүнд ажил ба амралт гэдэг ойлголт бий болсон. Харин мөнгөний тогтолцоог дэмжигчид залхуу хойрог байдал хүнд угаасаа байдаг гэж боддог бөгөөд энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Эрүүл саруул нийгэмд хүмүүс цалин мөнгөний төлөө биш харин нийгэмд хувь нэмэр оруулах зорилгоор төрөлхийн зөнгөөрөө ажиллаж хөдөлмөрлөх учиртай. Энэ ойлголт ухамсарыг бид түгээн дэлгэрүүлэх учиртай. Таны амьдрал болон нийгэм сайн сайхан байгаа нь, сайн дураараа нийгэмд хувь нэмэр оруулж байгаа тань таны хувьд шагнал урамшуулал болох ёстой.
Гэвч өнөөгийн нийгэм бизнес санхүүгийн салбарт эрх мэдлийг авсан цөөн хэсэг хүний удирдлагад байна гэдгийг бид ойлгох ёстой. Төр засаг нь корпорациуд, банкуудын эрх мэдэл, нөлөөнд дулдуйдан оршин тогтнож байна. Энэ тогтолцоог тэжээн тэтгэгч амин сүнс нь мөнгө юм. Харин мөнгө гэдэг нь байгаль ертөнцийн амьдралд бодит хамааралгүй хийсвэр зүйл бөгөөд бусдыг удирдан залуурдах, салган бутаргах арга хэрэгсэл болж, элитизм, гэмт хэрэг, дайн, нийгмийн анги давхарга үүсэх суурь шалтгаан болдог.
Үүний хажуугаар хүн байхын үнэ цэнэ нь зөв шударга байх явдал гэж хүмүүст зааж сургасаар байна. Зөв шударга гэдэг бол тухайн нийгмийн өөрийн нь давамгайлах ойлголт, үнэ цэнэтэй шууд холбоотой байдаг. Тэрхүү тогтсон үзэл хандлагыг хүлээн зөвшөөрч дэмжигчид нь хэвийн, харин хүлээн зөвшөөрөхгүй хэсэг нь хэвийн бус тэрч байтугай хутган үймүүлэгчид гэж тооцогддог. Энэ нь тухайн нийгэм дэх уламжлал, онол сургаал эсвэл шашин шүтлэгт тулгуурласан эсэхээс үл хамаараад үндэс суурь нь адил юм. Энэ бол оюун санааны материализм.
Аливаа мэдлэг, нийгмийн байгуулал байнга хувьсан өөрчлөгддөг болохыг ойлгох тусам ямар нэг байдлаар үгүйсгэх, маргах боломжийг олгохгүйгээр аливаа зүйлийг туйлын үнэн зөв гэж тунхагладаг итгэл үнэмшлийн тогтолцоо нь худал хуурмаг болохыг бид ухамсарлан ойлгож байна. Хоосон итгэл найдварт суурилдаг шашин шүтлэг нь хүн төрөлхтний гарал үүслийн талаар тодорхой зүйлийг баттай мэддэг мэтээр итгүүлдэг боловч хувиран өөрчлөгддөг хорвоо ертөнцөд энэ боломжгүй зүйл юм.
Хэвшин тогтсон эрх мэдлийн тогтолцоо нь үүний нэгэн адилаар аюултай бөгөөд түүнээс тулгаж буй ойлголт, итгэл үнэмшлийг зүгээр л хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн нь эргээд түүнийг өөрөө өөрсдөө хамгаалагчид болоход хүргэжээ. Энэ нь нийгмийн бүхий л салбарт ялангуяа улс төр, эдийн засаг, шашны салбарт илүү хамааралтай. Нэгэнт хүмүүсийн онцлог шинж байдал нь тухайн улс орон, шашин шүтлэг эсвэл бизнесийн ёс зүйтэй шууд холбоотой бөгөөд тэдний онцлог шинж болон тэдэнд суурилсан үзэл сурталтай нэгдэн нийлсэн байдаг учраас тухайн хүний хувьд дахин өөрчлөгдөхөд хэцүү болдог. Тийм учраас хувийн ашиг сонирхлоо хангахын тулд тухайн оршин байгаа тогтолцооныхоо хэвшсэн онол сургаалыг яг тэр хэвээр нь хадгалахыг хүсдэг. Бидний хувь хүний хувьд болон нийгмийн хульд хөгжлийг саатуулж байгаа энэ цикл эргэлтийг бид зогсоох, өөрчлөх ёстой. |
|
Зорилго
Хүмүүс бид чухам хэн болох, оюун санааны болон нийгмийн хөгжлийн түлхүүр нь шашин, улс төр, мөнгө бус харин шинжлэх ухаан, технологи, байгаль ертөнцийн жам ёс болох тухай орчин цагийн мэдлэг, ухамсрыг түгээх замаар хэрэгцээ шаардлага, хүрээлэн буй орчны талаархи хүн төрөлхтний ойлголтыг шинэчлэхийг бид зорьж байна.
Хоорондоо харилцан хамааралтай, байнга өөрчлөгдөн хувирч байдаг байгалийн хууль, жам ёсыг ойлгож хүлээн зөвшөөрөх нь энэхүү шинэ ухамсрын үндэс бөгөөд энэ ухамсар нийгмийн тогтолцооны үндэс суурь болсон цагт амьдрал зөв чигт хөгжиж, анги давхарга, элитизм, гэмт хэрэг, дайн дажин гэх мэт сөрөг үзэгдлүүд эргэлт буцалтгүй багасч, эцэстээ хүний зан үйлээс арчигдан алга болох учиртай.
Бид гэмт хэрэг, авлига хээл хахууль, шударга бус байдал нийгэмд заавал байх ёстой, бусдыг дээрэлхэн доромжилж, хохироож, ашиглаж байдаг хэсэг бүлэг хүмүүс байнга л байх юм шиг бодоод дасчихсан болохоор энэ өөрчлөлтийг хийхэд амаргүй нь ойлгомжтой. Харин "бид ба тэд", "сайн ба муу" гэх мэт бие биенээ үзэн ядах хандлагыг сурталчлагч учраас энэ бүх асуудал бэрхшээлийн нэг гол шалтгаан нь шашин шүтлэг байдаг.
Түүнчлэн бид хомсдолыг зориудаар бий болгодог нийгэмд амьдарч байна. Амьдралын наад захын хэрэгцээний зүйлээр гачигдаж дутагдаж байх нь хүмүүсийг хувиа хичээсэн амьдралаар амьдрах, бусдыг хуурч мэхэлж, айлган сүрдүүлж, амь нас эрүүл мэндээр нь хохироож байсан ч хамаагүй хүссэн зүйлээ олж авах зан авирт түлхдэг. Судалгаанаас харахад хэвийн бус зан авир, үйл хөдлөл болон олон төрлийн сэтгэцийн өөрчлөлтөд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь гачигдал хомсдол болох нь харагддаг.
Гэмт хэрэг, хар тамхи, мансуурлын талаархи хорих байгууллагын судалгаанаас харахад ийм зан авиртай, гаж зан үйлд донтсон хүмүүсийн амьдралын нөхцөл байдал нь ядуурал, эрүүл бус нийгмийн орчин нөхцөлөөс үүдэлтэй нь харагддаг. Хүн төрөлхөөсөө эсвэл мөн чанараасаа муу эсвэл сайн байдаггүй. Хүн бол гадаад орчны нөлөөгөөр хувиран өөрчлөгдөж байдаг амьд организм юм. Хэрэв хүний мөн чанар гэж байдаг бол тэр нь хүмүүсийн олж авсан буюу дасан зохицсон тэрхүү итгэл, үнэмшлийн тогтолцоотой холбоотой.
Бид энэ мэт бодит байдлыг төдийлэн ухамсарладаггүй бөгөөд өрсөлдөөн, шунал, авлига хээл хахууль гэх мэт нь хэзээ ч өөрчлөгдөхгүй хүний мөн чанар мэтээр бодож, үүний эсрэг шорон гяндан, цэрэг цагдаа, нийгмийн хяналтын тогтолцоо нь заавал байх ёстой юм шиг харанхуй итгэх болсон. Үнэн хэрэгтээ энэ бол логик уялдаа холбоогүй, үндэслэлгүй итгэл үнэмшил юм.
Аливаа зүйлийг сайжруулахын тулд шалтгаан нөхцлийг нь олж өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь өнөөгийн нийгэм дэх ял шийтгэлийн тогтолцоо үеэ өнгөрөөсөн, хүнлэг бус, үр нөлөө багатай зүйл юм. Хүний амь нас хөнөөсөн алуурчныг барьж авлаа гэвэл бүгд түүнийг цаазаар авахыг хүснэ. Харин хүний итгэл үнэмшил, зан үйлийн тогтолцоо хэрхэн бий болдгийг ойлгодог эрүүл саруул нийгэмд энэ эсрэгээрээ байх учиртай. Ийм нийгэмд гэмт хэрэг үйлдэх болсон нөхцлийг судалж, цаашид өөр хэн нэгэн ийм байдалд орохоос урьдчилан сэргийлэх ёстой.
Асуудал бэрхшээлийг үндсээр нь өөрчлөхын оронд зөвхөн илэрч буй шинж тэмдэгтэй нь тэмцэж, түр аргацаахаа больж, харин олж авсан мэдлэг чадвартаа тулгуурлан нийгмийн шинэ чиг хандлагыг бий болгох хэрэгтэй. Харамсалтай нь өнөөгийн нийгэм бараг бүхэлдээ мухар сүсэг, худал хуурмаг ойлголт, итгэл үнэмшил дээр тогтож байна. Гэхдээ аливаад эцсийн зогсоол гэж байхгүй. Байгаль ертөнцийн бүх зүйл мөнхөд хувиран өөрчлөгдөж байдаг нь нотлогдсоор байна. Нөгөө талдаа оршин амьдарч байгаа нийгмийг тодорхойлогч, бүтээн бий болгогч нь бид өөрсдөө, бас бидний оюун санаа, үйл хөдлөл юм. Бас хэн нэгний эсвэл хэсэг бүлгийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзлийг бий болгогч нь бас л бид өөрсдөө.
Байдаг л нэг улс төрийн хөдөлгөөн, түүний эсэргүүцлийн хэлбэр нь элит хэсэг бүлгийн эрх мэдлийн тогтолцоонд нөлөөлөх чадваргүй. Бид эсэргүүцлийн хэвшсэн хэлбэрээс илүү үр нөлөөтэй аргыг ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл энэ тогтолцоог дэмжигч, түүний идэвхтэй хэсэг байхаа бид болих бөгөөд мэдлэг боловсрол, энхтайван, нэгдэл нягтрал, энэрэл нийгүүслийг түгээн дэлгэрүүлэх болно. Бид өнөөгийн тогтолцоотой ямар нэг хэлбэрээр тэмцэх, тулалдах учиргүй. Үзэн ядалт, уур хилэн, зөрчил тэмцлийн сэтгэл зүй нь эрх мэдэл бүхий хэсэг бүлэг нийгэмд хяналт тогтоохдоо ашигладаг арга хэрэгсэл бөгөөд бидний зорьж буй өөрчлөлтийг хийж арга зам биш юм. |
|
|
Зайтгайст хөдөлгөөний үйл ажиллагааны зохион байгуулалтын нэг хэлбэр нь төслийн багууд юм. Эдгээр төслийн багууд нь тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээг сайн дурын үндсэн дээр зохион байгуулах үүрэгтэй байна.
Тухайлбал Монгол дахь салбар хөдөлгөөний хувьд холбогдох баримтат кино, лекц, бусад мэдээллийг Англи хэлнээс Монгол хэлэнд хөрвүүлэх орчуулгын баг юуны өмнө хэрэгтэй. Та орчуулгын багт нэгдэх хүсэлтэй бол дараахь хаягаар бүртгүүлнэ үү.
http://pootle.zmlingteam.org/
http://groups.google.com/group/mongolian-linguistic-team. |
|
Зайтгайст өдөр гэж юу вэ?
Зайтгайст өдөр нь дэлхий нийтийг хамран жил бүрийн 3 дугаар сард зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Энэ өдөр Зайтгайст хөдөлгөөн болон Венус төслийн талаар олон нийтэд таниулан сурталчладаг. 2009 онд 70 гаруй улс оронд 450 орчим арга хэмжээ энэ өдрөөр зохион байгуулагдсан. Зайтгайст хөдөлгөөний өдрийг Монгол Улсад 2010 оны 3 сарын 16-ны өдөр, мөн 2011 оны 3 сарын 12-нд тус тус Улаанбаатар хотод зохион байгуулсан.
|
|
|
|
|
|
Хуудас 2-с 1 |
|
|